Амьд болон хуурай хоол

Амьд хоол . 



Инфузори. Жараахайнд маш сайн хоол болдог. 4 сарын сүүл 5 сарын эхээр нар сайн тусдаг тогтмол ус, цөөрөмд амьд тоос бий болдог. Тэр нь 0,12-0,22 мм биетэй инфузори, коловракт, науплиус зэрэг бичил организмууд юм. Тэднийг маш нарийн шүүлтүүрээр шүүж дөнгөж сэлж эхэлж буй жараахайг хооллоно. Шаахай. Шаахайг гаргаж авах олон арга байдаг ч доорх арга хамгийн сайн юм. 3л-н шилний 2/3 аквариумны ус хийнэ. Тэгээд гадилийн 1/5 хальс хийнэ. 1хоногийн дараа ус булингартаж тэжээлт орчин үүснэ. Шаахайтай цөөрмөөс ялзарсан ургамал аваад усандаа хийж дулаан газар тавина. 3-5 хоногийн дараа хоол бэлэн болно. Гадилын оронд 3-4 дусал сүү хийж болно. Цаашдаа шаахайг гадилын хальс юм уу 1-2 дусал сүүгээр хооллоод ус нэмнэ. Шаахайтай ус эвгүй үнэртэй, бохир байдаг шууд аквариумруу хийж болохгүй. Нимгэн цаас юм уу маш нарийн шүүлтүүр ашиглан шүүж аваад жараахайд өгнө. Артем. (Artemia salina) Улаавтар өнгөтэй 7-18 мм урттай 11 хос хөлтэй жижиг хавч юм. Загасанд тэжээллэг сайн хоол болохоос гадна түүний өндөг нь хуурай байдлаар удаан хадаглагдаж болдог бөгөөд гэрийн нөхцөлд төвөггүй амилуулж болно. Авгалдай нь 0,5 мм-ээс бага хэмжээтэй учраас дөнгөж сэлж эхэлсэн жараахайнд сайн хоол болдог. Артемийн өндөгийг амилуулахдаа 26-30 градусын аквариумын шинэвтэр усанд 1 л-т 5г байхаар артемын өндөг, 50г иоджуулуугүй давс хийж гэрэлд тавьж бүх өндөг хөдөлгөөнд байлгахаар агааржуулна. 1-2 хоноод авгалдай гарч ирхэд шүүж жараахайдаа өгнө. Чанасан өндөгний шар. Амьд тоосыг оролж төрцөөр үрждэг загасны жараахайнд сайн хоол болдог. Чанасан өндөгний шараас багахан авч аквариумны усанд уусгаад усыг их бохирдуулдаг тул бага багаар өгнө. Хуурай сүүгээр бас хооллож болно. Эхний өдрүүдэд  багаар 3-4 цагийн зайтай, 2-3 долоо хоногийн дараа өдөрт 3 удаа өгнө. Нематод. Үүнийг талхны өт ч гэдэг. Уг өтөөр ихэнх загасны жараахайг 3-5 хоногтойгоос нь, амьд төрөгчийн жараахайд эхний өдрөөс өгч болно. Өтийг үржүүлэхдээ тавганд талхыг жижиглэж аквариумны хуучин усанд зуураад өтний хуучин өсгөврөөс бага зэргийг хийнэ. Саваа таглаад дулаан газар тавина. 2-3 хоногийн дараа саванд өт ихээр үржиж зарим ньсавны захад гарч ирэхэд бийрээр авч жараахайгаа хооллоно. Дафни (Dafnia), Циклоп (Cyclops). Загасанд хэрэгтэй олон төрлийн тэжээллэг бодис агуулсан байдаг. Дафни ургамлын замгаар хооллодог учраас 70% нь уураг байдаг нь жараахайнд тэжээллэг хоол болдог. Циклоп нь махчин учраас загасны төрц болон дөнгөж амилсан жараахайг гэмтээдэг болохыг анхаарах хэрэгтэй.   Амьд хоолны зургийг зургийн цомогт оруулсан байгаа.

Хуурай хоол .



Загасыг хатаасан дафнигаар хооллодог байсан үе нэгэнт өнгөрч тэжээллэг бодисоор баялаг төрөл бүрийн хоол үйлдвэрлэдэг болжээ. Удаан болон буруу хадаглалтын явцад найрлаган дахь аминдэм, тэжээллэг бодисоо алддаг. Ийм учраас хуурай хоолны талаар дараахь зарчимыг баримтлах хэрэгтэй. Хуурай хоол хадаглалтын явцад чанараа алддаг тул битүү саванд хийгээд сэрүүн хуурай газар хадгална. Чийгтэй орчинд хадгалсан хоол амархан мууддаг. Хэрэв хоолруу ус орсон бол бактери үржих учраас шууд хаях хэрэгтэй. Хоолыг чийгтэй хуруугаар авч болохгүй. Нэг жилээс дээш хугацаагаар хадгалсан хоол аль болох бага хэрэглээрэй. Ихэвчлэн 2 жил хүртэл хадгалах хугацаатай байдаг.  Хоолны найрлага. Чанартай сайн хоол загасны хэвийн өсөлт, үржилд хүрэлцээтэй аминдэм, тэжээллэг бодис агуулсан байдаг. Уураг  (protein). Загасны өсөлтөнд нөлөөлөх хамгийн чухал үүрэгтэй бөгөөд амьдын жингийн ихэнх хувийг эзэлдэг. Жараахайны хоолны 50%-ийг уураг эзэлж байх ёстой. Тослого (fat). Загасыг эрч хүчээр хангана. Хэдийгээр аквариумын загас хоол олж идэх анд гарч, эсвэл махчинаас зугтах шаардлага гардаггүй учраас таргалахаас сэргийлэх үүднээс хоолон дахь тослогын хэмжээ бага байх хэрэгтэй. Харин жараахайны хоол тослого ихтэй байна. Нүүрсус (carbohydrates). Төрөл бүрийн сахар, крахмалаас бүрдэх бөгөөд хуурай хоолны 30-40%-ийг эзэлдэг. Загасны өсөлтөд чухал нөлөө үзүүлдэгүй ч тэднийг сэргэлэн цовоо болгодог.  Пигмент (carotenes). Загасыг өнгөлөг байлгах үүрэгтэйгээс гадна эд эсийн болон төрцний хөгжилд сайн нөлөөтэй.  А аминдэм  эд эсийн өсөлтөд чухал үүрэгтэй. Усанд уусдаггүй учраас хоолны найрлагад хольц болж ордог. Агаар, гэрэлд чанараа алддаг тул харанхуй газар хадаглах хэрэгтэй.  D аминдэм  загасны ясны хөгжилд чухал үүрэгтэй.  Е аминдэм загасны үржих чадварт нөлөөлдөг бөгөөд А аминдэмтэй цуг хэрэглэгдэх ёстой. В аминдэм  загасны бодисын солилцоонд чухал үүрэгтэй. С аминдэм шүдний хөгжил болон бодисын солилцоонд чухал үүрэгтэй. 

0 comments:

Post a Comment